Монгол үндэстний дархлаа болсон соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл уртын дууг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, уртын дуучдыг бэлтгэх, шинээр тодруулах, гадны соёлын нөлөөг багасгах хэрэгцээ шаардлага нийгэмд тулгараад байгаа билээ.
Иймд Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Үл бүдгэрэх их өв” төслийг Ерөөлч, Магтаалчдын сургалт, Уртын дууны сургалт гэсэн хоёр хэсэгтэйгээр 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Уртын дуучдыг бэлтгэх сургалт 4 дүгээр сарын 25-ны өдөр хаалтын ажиллагаагаа зохион байгууллаа.
Бүтэн нэг сарын хугацаанд болсон уг сургалтад 80 гаруй багш сурагчид, ахмад үеийн авъяастнууд, сонирхогч залуучуудын төлөөлөл хамрагдсан байна.
Сургалтаар Монгол ардын уртын дуу “Цомбон туурайтай хүрэн”, “Нарийн шарга”, “Хөөрхөн халиун”, “Өнчин цагаан ботго”, “Шалзат баахан шарга” гэсэн таван уртын дуу,
Монгол ардын дуу “Талын таван толгой”, Барга ардын дуу “Найман туурга”, Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, С.Цоодолын “Монгол нутгийн үзэсгэлэн” зэрэг зүүн Монголын онцлог бүхий дууг сурсан байна.
Хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа болон бусад албаны хүмүүс оролцож амжилт хүсэн, баяр хүргэлээ.
Тус сургалтын сургагч багшаар Боловсрол, соёл урлагийн газрын Мэргэжилтэн, уртын дууч Л.Идэрбат ажилласан бөгөөд тэрээр уртын дууг хөгжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш нийт 1500 гаруй иргэдэд багшилсан байна.
Энэхүү ажлыг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газар, Б.Шүрэнчимэг захиралтай Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлж байлаа.
/эх сурвалж:БСУГазар/

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу