Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарын уялдаа, олон улсын түншлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах замаар орон нутгийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, мэдээллийн тэгш хүртээмжийг олгох зорилгоор аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар захирамжаар “Мөрөөдлөө мэргэжил болгоё” өдөрлөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Тус өдөрлөгт гадаадын 6, дотоодын 16 их дээд сургууль, 13 төрийн болон төрийн бус байгууллага оролцон Еоөнхий боловсролын сургуулийн 9-12-р анги, ПТК-ийн 5325 суралцагчид сургуулийн болон хөтөлбөрийн танилцуулга, онцлог, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулгыг түгээн, илтгэл тавьж, ирээдүйн мэргэжлээ сонгоход чиглэл, дэмжлэг боллоо.
Аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, аймгийн хүүхэд залуусаа мэргэжлээ зөв сонгоход нь орон нутгаас бодлогоор дэмжин, ” Мөрөөдлөө мэргэжил болгоё” өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаа илэрхийллээ. Мөн ирээдүйн эздээ хаана ч сурч, ямар ч мэргэжил эзэмшсэн бай эх орон төрсөн нутагтаа эргэн ирж, хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд өөрсдийнхөө хувь нэмрээ оруулах ёстой шүү гэдгийг захин, Та бүхний ирээдүй зөвхөн өөрийн чинь гарт бий шүү гэдгийг онцолж, амжилтыг хүслээ.
Мөн Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох биечлэн ирж хүүхдүүддээ мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж цогц мэдээллээр хангах өдөрлөгийг санаачлан, мэргэжлийн түвшинд зохион байгуулж буй Дорнод аймгийн Засаг даргад онцгойлон талархал илэрхийлж, өдөрлөгт ирсэн суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч боловсролын зээлийн сангийн журам, хөнгөлөлт тэтгэлэг зэрэг бүрэн мэдээллийг өгч ажилласан нь нийт оролцогчдын сэтгэлд хүрсэн ажил боллоо.



