Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” А/25 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 851 багш “Дижитал эрин үеийн багш: Арга зүй ба технологи” хөтөлбөрийн цахим сургалтын шатанд хамрагдаж эхэллээ.
Тус сургалтыг Дорнод аймгийн Боловсролын газрын захиалга, удирдлагын дор Medle цахим сургууль, Мэксим консалтинг ХХК, Mozaik Kiado Kft байгууллагууд хамтран зохион байгуулж, танхим болон цахим хосолсон хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Сургалтын агуулга нь багш нарын TPACK чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд мэргэжлийн агуулга, орчин үеийн заах арга зүй, дижитал технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээг уялдуулан ашиглах бодит ур чадварыг төлөвшүүлэхэд анхаарч байна.
Цахим сургалтын шатанд багш нар:
Google Classroom-д суурилсан цахим анги удирдах Mentimeter, Forms ашиглан явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх
Gemini, mozaBook, mozaWeb платформоор ээлжит хичээл, цахим контент боловсруулах, сургалтын материалыг өөрийн хичээлд шууд хэрэгжүүлэх дадлага хийх юм.
Энэхүү сургалт нь багш нарыг технологийг нэмэлт ачаалал бус, харин сургалтын чанар, сурагчийн идэвх, суралцахуйн үр дүнг дэмжих ухаалаг туслах хэрэгсэл болгон ашиглах хандлагад чиглүүлж буйгаараа онцлогтой.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт арга зүйн хэлтэс, 207 тоот
Хэлтсийн дарга Ж.Бумтуяа
Емэйл: bumtuyaa5fvk@moes.edu.mn Утас: 99588832





