2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар Захиргаа, удирдлагын хэлтэс, 304 тоот Боловсролын хяналтын улсын байцаагч Р.Оюунтуяа Емэйл: oyuuntuyaa68is@moes.edu.mn Утас: 99588111

Дорнод аймгийн боловсролын салбарын хэмжээнд өмнөх хичээлийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, Боловсролын яамнаас дэвшүүлж буй 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг танилцуулах, хөтөлбөрийн шинэчлэл, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, байгууллагын менежментийг сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлж, суралцагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг нэг цэгээс иргэдэд хүргэн, иргэд олон нийтийг мэдээ, мэдээллээр хангахад чиглэн “ДОРНОДЫН БОЛОВСРОЛ-2025” бага хурал, сургалт, үйл ажиллагааг зохион байгууллаа.

Бага хурал 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Дорнод бүсийн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн хурлын танхимд зохион байгуулагдаж сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, их дээд сургуулийн 764 багш, удирдах ажилтан  оролцсон байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат боловсролын салбарын багш, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Бага хурлаар 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын үр дүнгээ хэлэлцэн, 2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт дэвшүүлж буй зорилго, зорилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрээ танилцуулж, 2025 оны элсэлтийн шалгалтын анализ, дүгнэлтийг хэлэлцэн, элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн 26 багш, 3 сургуулийг урамшуулан БАТЛАМЖ гардууллаа. Тус урамшууллыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 03 дугаар хуралдаан, аймгийн Засаг даргын 2025 оны захирамжаар батлагдсан “Эрдэм” хөтөлбөрөөс жил бүр олгодгоороо онцлог юм.

Зочин илтгэгчээр “Human Design” төвийн үүсгэн байгуулагч, мэргэжлийн сургагч багш  Ч.Дагвадорж оролцон, “Өндөр бүтээмжтэй багийн ажиллагаа”, “GenZ болоод үе хоорондын манлайлал” сэдвээр илтгэл тавилаа.

Бага хурлын үеэр “Хүн болох багаасаа” гадаад хэл, спорт, авьяас, хувь хүний хөгжлийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, багшид гарсан үр дүн, туршлагыг танилцуулах үзэсгэлэнг гаргаж, толилуулсан байна.

Эх сурвалж:    Дорнод аймгийн Боловсролын газар
                       Захиргаа, удирдлагын хэлтэс, 304 тоот
                       Боловсролын хяналтын улсын байцаагч Р.Оюунтуяа
                       Емэйл: oyuuntuyaa68is@moes.edu.mn Утас: 99588111